Хоньний үүлдэр

2012-03-19 16:20
Орхон үүлдэр


Монголын анхны нарийвтар ноост Орхон үүлдрийг 1961 онд баталсан. Орхон үүдрийг бий болгохдоо Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж II үе гарган тэдгээрийг дотор нь үржүүлэн бие бялдар, ашиг шимийн зарим шинжүүдийг засан сайжруулахын тулд нарийвтар ноост Цигай үүлдэр, дараа нь нарийн ноост Алтай үүлдрийг ашиглан цус сэлбэх нарийн сонголт хийх аргыг хэрэглэжээ.
Орхон үүлдэр бий болгосон зохион бүтээгч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарт Монгол улсын төрийн шагнал, хоньчин Н.Хөх-Уул, Н.Гончигбал, Н.Тэрбиш нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
Орхон үүдрийн хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлдэг. Энэ хонь бэлчээрээр маллахад зохицсон чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бие том, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар сайтай /115%/, жигд нарийвтар ноостой, ноос багц хэлбэртэй, нэхмэл, сүлжмэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой.
Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 84.0 кг, төлгөн хуц 67.2 кг, эм хонь 57.5 кг, охин төлөг 48.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 5.6 кг, эм хонь 3.7 кг, төлгөн хуц 5.1 кг, охин төлөг 3.4 кг нарийвтар ноос өгдөг.. Ноосны урт 8.0 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 55%. Эр шүдлэн хонины дундаж жин 49.6 кг, гулуузны жин 19.8 кг, махны гарц нь 39.9 хувь байдаг

 

Хангай үүлдэр


Монголын анхны нарийн ноост Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн.
Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Хангай үүлдрийг зохион бүтээгч нь нэрт эрдэмтэн, төрийн соёрхолт Б.Аюуш, мал зүйч Ш.Гомбосүрэн, хамтран бүтээгч нь Г.Алтангэрэл, Ө.Хэмжээт, Т.Жигмэд, Г.Динаажав, Н.Дашийв нар юм.
Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой.
Үржлийн хуц 85.0 кг, эм хонь 58.0 кг, төлгөн хуц 45.0 кг, охин төлөгн 38.0 кг жин татадаг. Нас гүйцсэн хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг ноос өгдөг. Ноосны урт дунджаар 7.0 см, нарийн нь 18.1-25.0 мкм. Ноосны цэвэр гарц 49 %. Ирэгний жин 68.0 кг гулуузны жин 29.2 кг, махны гарц нь 42.9 хувь

Керей үүлдэр


Керей үүлдрийг 1998 онд баталгаажуулжээ. Баян –Өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг нутгийн ууцан сүүлт хонийг шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, ноосны чиглэлтэй тохиромжтой хэвшлийг бий болгож үүлдрийн хэмжээнд хүргэжээ.
Шинжээч мал зүйч О.Хатран, Х. Самилан нар нутгийн ууцан сүүлт хонийг үржүүлэх, үржил, ашиг шимийн чанарыг дээшлүүлэх селекцийн ажлыг олон жил хариуцан гүйцэтгэж их хувь нэмэр оруулжээ.
Үүлдрийн цөм сүргийг Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг. Керей үүлдэр нь Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь сэрвээнээсээ өндөр өргөгдсөн, том сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй түргэн өсөж томрох онцлогтой, мах, өөхөн ашиг шим сайтай, бүдүүн ноостой.
Голдуу улаан, хар, бор зүстэй. Нас гүйцсэн хуц 75.0 кг, төлгөн хуц 48.0 кг, эм хонь 56.1 кг, охин төлөг 45.6 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.4 кг ноос авдаг.
Ноосны бүрэлдэхүүний 92.0%, нь ноолуур, 1.2 %, нь завсрын үс, 3.1%, нь сор, 3.8 %, нь хялгас эзэлдэг. Ноосны урт 15.0 см, ноолуурын урт 8.0 см, ноолуурын нарийн нь 20.1мкм, ноосны цэвэр гарц 61.1%, эр шүдлэн хонины нядлагын жин 42.6 кг, гулуузны жин, 18.6 кг, махны гарц нь 43.7 %

 

Сүмбэр үүлдэр


Сүмбэр үүлдрийг 1990 онд баталсан. Монгол хонийг Каракулийн цус шингээж эрлийзжүүлэн гуравдугаар үеэс өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгожээ. Сүмбэр үүлдрийг зохион бүтээгч Ц.Тэрбиш, П.Нямдовчин, Д.Баатар, Т.Ванчиг, Б.Цагаач нар юм. Ц.Тэрбиш Монгол улсын гавъяат зоотехникч цол хүртжээ.
Сүмбэр үүлдрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үржүүлдэг. Энэ үүлдэр нь цөлөрхөг хээрийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, хар, саарал, хүрэн өнгийн буржгар хурга гаргана.
Хонины зүс насаар өөрчлөгддөг. Хурга хар, улаан, саарал зүстэй гарч цаашид буурал болно. Буржгар хурганы арьсаар дээл, малгай, зах хийхэд нэн тохиромжтой.
Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 68.0 кг, төлгөн хуц 54.0 кг, эм хонь 58.0 кг, охин төлөг 48.0 кг. Нас гүйцсэн хуц 2.6 кг, эм хонь 1.8 кг, эр охин төлөг 1.5-1.6 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 46 хувь нь ноолуур, 43 хувь нь завсарын үс, 11 хувь нь сор эзэлдэг. Ноосны урт 20.7 см, ноолуурын урт 8.0 см. Хурганы арьсны 80.2 хувь нь хар, 14.5 хувь нь саарал, 1.9 хувь нь сорлог, 3.4 хувь нь өнгөт байдаг. Буржгарын хэвшлийн ангиллаар 64 хувь нь тал дугуй, 22.8 хувь нь хавтгай хавирган, 12.3 хувь нь сахлаг байна

Сартуул үүлдэр


Сартуул хонийг 2001 онд бие даасан үүлдэр болгон баталсан. Сартуул хонийг хамгаалан үржүүлэх, сайжруулах ажилд амжилт гаргасан Л.Лхаасүрэнд Монгол улсын гавъяат зоотехникч цолыг хүртээжээ.
Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна. Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, ноос урт, бүдүүвтэр, ноосны чанар сайн, хивс хийхэд тохиромжтой, арьс нь харьцангуй нимгэн.
Нас гүйцсэн хуц 65.0 кг, төлгөн хуц 38.0 кг, эм хонь 43.8 кг, охин төлө 35.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 1.9 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.5 кг, охин төлөг 1.5 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 79.6 хувь нь ноолуур, 7.1 хувь нь завсрын үс, 6.3 хувь нь сор, 6.7 хувь хялгас байдаг. Ноосны урт 18.8 см, ноолуурын урт 9.9 см, ноолуурын нарийн 20.7 мкм. Эр шүдлэн хонины жин 35.4 кг, гулуузны жин 15.4 кг, махны гарц 43.5 хувь

 

Үзэмчин үүлдэр


Үзэмчин хонийг 1991 онд бие даасан үүлдрээр баталсан. Эрдэмтэн, хонь судлаач З.Гончигжав 1972 оноос Үзэмчин хонины үржил, селекцийн ажлыг хөтлөн удирдаж “Үзэмчин үүлдрийн хонь” хэмээх бүтээл туурвижээ.
Үзэмчин хонины үржил, ашиг шимийг бататган сайжруулах үржлийн ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэхэд үржлийн фермд ажиллаж байсан малзүйч Б.Шовоохой ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн суманд үржүүлдэг.
Үзэмчин хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, догшин, лагсдуу, уртавтар биетэй, мах, өөхөн ашиг шим сайтай, сүүл дугариг, том, оршин байгаа экологийнхоо өвөрмөц нөхцөлд харьцангуй хурдан өсөж томрох онцлогтой.
Ноос нь хялгас ихтэй, ноолуур нь бусад омог хониныхоос нарийн (18.3 мкм). Үржлийн нас гүйцсэн хуц 70.7 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 48.5 кг, охин төлөг 47.7 кг дундаж жинтэй. Хуц1.4 кг, эм хонь 1.3 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 74.2 хувь, завсрын үс 4.2 хувь, сор 2.7 хувь, хялгас18.9 хувь эзэлдэг. Ноосны урт 9.8 см, ноолуурын урт 8.7 см. Ноолуурын нарийн 18.3 мкм, ноосны цэвэр гарц 61.6 хувь. Эр шүдлэн хонины жин 46.9 кг, гулуузны жин 21.6 кг, махны гарц 46.0 хувь

 

 

Нийтэлсэн : b | Уншсан (3198) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Дашням :
    2014-11-06 18:42

    Хэрэгтэй мэдээлэлийг түгээсэн сайхан ажил хийж байна амжилт

  2. гэрлээ :
    2014-05-13 21:41

    барга үүлдэрийн тухай бичээрэй

  3. Л. Нарантуяа :
    2014-04-08 13:21

    Дажгүй шүү Сартуул үүлдрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна. тухайн үүлдэрээр хамгаалсан. Магистр, Доктор байна уу

  4. Алтангэрэл :
    2014-03-28 23:05

    дажгүй шүү, өөр хоны үүлдрийн талаар нэмж өгвөл бүүр зүгээр байна.

  5. Ч.Азбаяр :
    2014-01-06 16:14

    Баяд хонины үржлийн цөм сүрэг хаана ямар суманд байна. Энэ талаар мэдээлэл оруулж өгөөч

  6. хасухан :
    2013-10-07 09:26

    дажгүй шүү баярлалаа амжилт хүсье

  7. цэенханд :
    2013-09-18 11:21

    Баяр хүргэе. мэдээлэл байрлуулсанд. Удахгүй 1-2 жилийн дараа "Буриад" омгийн хонины тухай мэдээлэл байрлуулаарай

  8. sokondra :
    2012-11-28 19:58

    сайн уу? таны блог над их тус боллоо. үнэхээр баярлалаа. би цаашид орж байнаа. дахиад баярлалаа

  9. zochin :
    2012-10-02 03:41

    mash saihan sait bolson baina. ta buhend amjiliin amjilt husiy ee!

Сэтгэгдэлийн тоо : 9

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл